
Би хүүхэд болон нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрийнхөө он жилүүдийг зориулсан гэр бүлд өссөн. Намайг 20 нас хүрэхэд аав маань энэ ажлыг үргэлжлүүлэхийг захиж, анхны логог гараараа зурж өгч билээ. Түүнээс хойш хүүхдийн төлөө ажиллана гэж бодож явсаар 2021онд миний эрхэм хүн энэ бодлыг бодит болгоход урам зориг өгч 2022 оны 10 сарын 1-нд “Төсөөл” гар зургийн уралдаанаар “Гончигсумлаа сан”-гийн анхны төсөл хөтөлбөр эхэлсэн юм.
Монголын хүүхдийн ордонд үзэсгэлэнгээ дэлгэн, шагнал гардуулахдаа сандарч зогссон тэр саруулхан мэдрэмжээс хойш тэтгэлэгт төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явж байна.
Өсвөр насандаа хүүхдүүд зүрх сэтгэл, мэдрэмжэндээ хөтлөгдөн чухал сонголтууд хийдэг. Энэ мөчид нь тэднийг сонсож, дэмжин, өөрийгөө илэрхийлэх боломжийг олгохыг хүсдэг. Би чадна гэдэг итгэл өгөх.
Тэдэнтэй хамтдаа гэрэлтэй ирээдүйг бүтээхийг тэмүүлж байна.
Бид урлаг, спорт, сэтгэл зүй, гоо зүйн хөтөлбөрөөр дамжуулан өөртөө итгэх итгэлийг бий болгож, ирээдүйн чиглэлээ олоход нь дэмжлэг үзүүлдэг.
Өсвөр насныхныг өөрийгөө нээх, сонирхлоороо нэгдэж шинэ найз нөхөдтэй болох, бие биенээ дэмжин хамтдаа хөгжихөд нь бид төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан чиглүүлдэг.